Зориг нь мохоогүй зорилго өөд тэмүүлсэн “Аврагч”

Хүн бүрийг хэн бэ гэдгийг илтгэж байдаг сайхан зан чанар, үг, үйлдлүүд хараагүй байсан ч мэдрэгдэж байдаг. Тэр их мэдрэмжийг өөрийн мэдэлгүй бусдад өгч, амьдралын туршид “гарын авлага” болон түгээгдсээр байх нь ч бий. Энэ удаагийн “Онцлох ярилцлага”-ын зочноо тодорхойлох дээрх өгүүлбэрээс та бүхэн хэн бэ гэдгийг төсөөлөн таамаг дэвшүүлэн суугаа гэдэгт итгэлтэй байна. Түүнийг Д.Хадбаатар гэдэг. Тангараг өргөснөөс хойш 28 дахь жилдээ дэд ахлагчаас дэд хурандаа, гал сөнөөгчөөс ОБЕГ-т ахлах мэргэжилтэн хүртэлх албан тушаалыг хашиж явна.

-Тантай ярилцах цаг хугацаа их л том шалгуурыг сэтгүүлч надад оноолоо. Бидний мэддэг хэрнээ эвлэрч чаддаггүй ганц үнэнтэй та нүүр тулаад удаагүй байна. Юунаас эхэлж ярилцахаа мэдэхгүй хэд хоног л “шаналлаа”?

Хайрт аав минь бурхны оронд залраад, эх орныхоо хөрсөнд шингээд гурав л хонох гэж байна. Ах, дүүс, хань ижил, анд нөхөд, найзууд, ажлын хамт олны буян, өглөг ямар их юм бэ гэдгийг л бодож сууна. Жаргал, зовлонгоо хуваалцдаг сайхан хүмүүсээр хүрээллээ тэлж, тэднийхээ “хайранд” сайхан л ажиллаж, амьдарч байгаа буянтай хүндээ би...

-Сэтгэлийг тань эмзэглүүлчих вий гэж болгоомжилж, сандарч сууна. Хурдтай, мэдлэгтэй, шуурхай гээд гадна төрөхөөр нь тодорхойлж чадах ч дотоод сэтгэлийн гүнд тань чухам юу “өрнөж” байгааг яаж мэдэх билээ дээ?

Гаднаа хурдтай байдаг шиг ээ хэн нэгэнд туних, гомдох байдал ч хурдан. Өөрөөр хэлбэл удаан нэг зүйлийг тээгээд яваад байдаггүй. Богинохон хугацаанд болоод өнгөрдөг зүйлс гэж бий. Урт хугацааны сэтгэлийн зовиуртай асуудлууд ч тохиолдоно шүү дээ. Тэр бүрт нуруу тэгш л байх юмсан гэж боддог доо.

- Тэгвэл таны энэ хүртэл алхаж яваа ажлынх нь түүхээр “аялалаа” эхлүүлмээр байна?

Цаг хугацаа хурдан  юм. Өчигдөрхөн мэт санагдаж байвч хэдийн 28 жил өнгөрсөн байна. Ажилд орохын тулд тухайн албанд хүн авна гэсэн зарыг гурван сар хүлээсэн. Хашааных нь гадна очоод дадлага, сургууль хийж байгаа ах нарыг, автомашин, техник хэрэгслийг нь харж бахархдаг байлаа. Тэгээд л мөрөөдөл минь биелж, 1996 онд тухайн үеийн Дорнод аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Төв Гал түймэр унтраах 052 дугаар ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Улмаар  1998-1999 онд Дулааны цахилгаан станц Галын гэрээт туслах байцаагч, 1999-2000 онд Салааны бага дарга, 2002-2003 онд Гал түймрийн улсын хяналтын байцаагч, 2003-2008 онд төв Гал унтраах 052 дугаар ангийн захирагч, 2008-2009 онд Сургалт сурталчилгаа, мэдээлэл холбоо хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд Мэдээлэл,  холбоо хариуцсан мэргэжилтэн, 2011-2013 онд сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, 2013-2016 онд Хууль сахиулахын их сургууль  /одоогийн ДХИС/ -ийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн багш, 2016-2017 онд  ахлах багш, 2018-2019 онд Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, 2019 оны дөрөвдүгээр сараас ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газарт сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

-Мөрөөдөл биелэх нэг асуудал. Түүнийг хэрхэн өнгөлж, тордож, гоёх нь бас нэг асуудал гэж ойлгодог. Таны хувьд хүн бүрт ижил заяагдахааргүй усалж, ургуулсан байна гэж бахархаж сууна?

         Миний анхны дуудлага аймгийн төвөөс зүүн хойш таван км зайд Адуун чулуун нүүрсний ил уурхайн хананд гарсан гал байсан. Тухайн дуудлагаар шөнөжин ажиллаж байлаа. Анх удаа хүчтэй усны даралт өгөхөд хошуугаа дийлэхгүй унаад хөглөсөн ч түүнээс хойш олон дуудлагаар ажиллаж  дадлагажиж, суралцсан. Гал сөнөөгчөөр томилогдон үүрэг гүйцэтгэх үед хэрэглэж, өмсөж байсан хөдөлмөр хамгааллын хувцас, хорт хий утаанаас хамгаалах КИП-8 баг маань Онцгой байдлын албаны түүхийн музейд хадгалагдаж байгаа.  Энэ хувцас, хэрэгслийг өмсөж, олон ч удаагийн аюулт үзэгдэл, гамшиг осол, объектын гал түймрийн дуудлагаар ажиллаж, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд зүтгэж явснаа эргэн санахад сайхан дурсамж дүүрэн байдаг. Гал түймэр унтраах ангийн захирагчаар ажиллах хугацаандаа 70 гаруй алба хаагчийн сахилга дэг журам, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хариуцсан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг хашсан. Тухайн үед 1977-1983 оны гал унтраах зориулалтын үндсэн болон туслах албаны автомашинуудтай. Ашиглалтад ороод 20-30 жил болж, ашиглалтын хугацаа хэдийн дууссан тийм л техниктэй үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдрийн Онцгой байдлын байгууллага 20 жилийн хугацаанд сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэл хийж, Япон, Орос, Австрали, Герман, Польш, Солонгос, Хятад улсуудад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн гал унтраах зориулалтын автомашинуудыг ашиглаж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, олон улсад үүрэг гүйцэтгэдэг болсон гээд шинэчлэл бүрийг харж байна даа.

-Асуухгүй өнгөрч болохгүй байна л даа. Та албан үүргээ гүйцэтгэж яваад эрсдэж, жил шахам хугацаанд эмнэлэгт байсан. Ээж минь намайг аварсандаа гэдэг үгийг таныг ярилцлагаас сонсож байлаа. Энэ тухай тодруулах гээд...?

                1999 онд ахлагч байхдаа албан үүргээ гүйцэтгэж яваад Дорнод аймгийн төвд байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн аж ахуйн агуулахад гарсан гал түймрийг унтраах явцад дээрээс халуун хавтан нурсан. Үүний улмаас нэлээд хүнд түлэгдэж, гэмтсэн. Улаанбаатар хотын Түлэнхийн төвд зургаан сар хэвтэн эмчлүүлэхэд ээж минь өдөр, шөнөгүй намайг сахиж хөл дээр минь босгосон. Энэ үед том, жижиг нийт зургаан шарханд арьс нөхөх хагалгаа хийхэд ээж минь арьсаа өгч, хүүгийнхээ амь насыг авран хамгаалсан ачтан.

-Эргээд албандаа зүтгэхээр шийдсэн чинь маш том зориг. Та юунд тэгтлээ их хоргодсон юм бэ?

 Ээжийнхээ энэ их ачийг ажлаа сайн хийж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хариулах юмсан гэж бодсон учраас эргээд албандаа орсон. Тэр үед аав, ээж маань татгалзаагүй.  Нөгөө талаар гамшиг осол, гал түймрийн аюулаас бусдыг аврахын төлөө өөрийнхөө амийг үл хайрлан зүтгэдэг нэр хүндтэй энэ албыг би өөрөө л сонгосон. Түлэнхийн шархууд маань бүрэн эдгэсэн ч  гэлээ тэнгэр бүрхэг үед өвддөг. Тэглээ гээд шаналаад, санаа зовоод байдаггүй л дээ. Үхлийн ирмэгт очоод боссон “хатуу” тангарагтай Онцгой байдлын албандаа ажиллаж байгаагаараа үргэлж  бахархдаг.

-Орон нутагт тэр дундаа төрж, өссөн нутгаасаа “нүүх” сонголт таных байсан уу. Эсвэл..?

         Багшлах сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулалт явагдаж байна. Та материалаа явуулаад үзэхгүй юм уу гэж тухайн үеийн дарга, хурандаа Н.Гантөмөр надад санал болгосон. Удалгүй та тэнцсэн байна гэсэн хариу ирсэн байсан. Эхнэртээ  хэлсэн чинь хүмүүс амьдарч болоод байхад яагаад болохгүй гэж хэлсэн. Тэгээд л  олны хөлийн газар нийслэл Улаанбаатар хотдоо ирж,  2013 оноос тухайн үеийн ХСИС /одоогийн ДХИС/ Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимд багшилсан. Энэ хугацаанд багшлахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шамдан суралцаж, ахлах багш, тэнхимийн эрхлэгч болтлоо дэвшин томилогдсон. 

            Онцгой байдлын  албаны ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ бага ч болов оруулсандаа талархаж явдаг. Сургуульд багшлах таван жилийн хугацаандаа Онцгой, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч бүрэлдэхүүн, сонсогч нарт хичээл зааж,  8000 гаруй шавийг төрүүлсэн. Шавь нар маань эх орныхоо өнцөг булан бүрт өөр, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгээд явж байгааг харах сайхан мэдрэмж шүү.

-Ахих бүрт танд ур чадвараа сайжруулах сорилт тулгардаг байсан байх. Багшаас ОБЕГ-т ахлах мэргэжилтэн болсон цаг хугацаа бас л том алхам шүү?

Гүйцэтгэж байсан ажил бүхэн өөр, өөрийн гэсэн онцлогтой. Түүнийгээ хэрэгжүүлэх аргазүй, удирдлага зохион байгуулалт, хэрэгжүүлэх хөтөлбөр, хууль, дүрэм гээд ялгарна. Тухайлбал, орон нутагт сургалтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа сум, орон нутагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж, сумдын  удирдлага, иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэж байсан. Харин одоо бол улсын хэмжээнд бодлогын түвшинд Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулах, сургуулийн бодлого төлөвлөлтийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангуулан, аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдэд зааж, сургах, удирдан чиглүүлж зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг болсон байна. Мөн олон улсын хамтарсан дадлага, сургуулийг ч зохион байгуулдаг. Ингээд үзэхээр өдөр тутамдаа суралцаж, бусдын дэмжлэг, хамтын ажиллагаагаар ажил маань урагшилж, түүний хэрээр албаны хэмжээнд үйл ажиллагаа үргэлжилдэг. Хүн хэн ч байж болно. Харин өөрт оноогдсон үүргээ маш сайн биелүүлдэг байхыг л эрмэлздэг. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ түүнээс суралцаж, өөрийнхөө ур чадварыг үргэлж дээшлүүлэх хэрэгтэй л гэж боддог.

-Сэтгэл эмзэглэх олон асуулт олны дунд хөрвөх юм. Энэ тал дээр алба хаагчийн хувьд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

            Намайг  гал сөнөөгчөөр ажиллаж байхад гардаг байсан объектын гал түймрийн нөхцөл байдал одоо үеийнхээс эрс өөр болсон. Тухайн  үед айл өрхүүдийн гэрийн тавилга, эд хөрөнгө, орос ширээ, мичда плитка, гэх мэт шатлагыг дэмжих зүйлс бага байсан.  Цаг үеэ дагаад айл, өрхүүд гэрийн тавилга, хана таазыг гадаад улс болон дотоодод үйлдвэрлэсэн хуванцар шатлагыг хурдан дэмжих материалаар хийгдсэн байгаа нь олон төрлийн химийн найрлагатай хорт утааг ялгаруулж байна. Мөн ахуйн хэрэглээний газ, агааржуулагч, үнэртэй ус зэргийг олноор гэртээ байлгадаг. Эдгээр олон хүчин зүйлсээс болж, гал сөнөөгчид маань эрсдэлд орох нөхцлүүд бүрдэж байна гэж мэргэжлийн хүний хувьд хэлмээр байна.

     -Бугуйн цагнууд чинь сонирхол их татдаг юм. Би тийм ч гярхай хүн биш л дээ. Гэхдээ л өөр, өөр төрлөөр гоёод байгааг нь анзаарсан..?

Цаг ямагт урагшилж, цаг хугацаатай уралдаж явах хэрэгтэй гэдэг байр суурийг эрхэмлэдэг учраас цаг их сонирхдог. Мөн эр хүний хувьд хамгийн чухал гангараа бол бугуйн цаг. Тийм учраас чанартай цагийг цуглуулдаг хоббитой. Цулгуулганы дийлэнх хувь нь ойр дотны хэн нэгнээс өгсөн бэлэг. Өөрөө ч худалдаж авдаг.

-Тантай хамт нэг газарт үүрэг гүйцэтгэдэг алба хаагчийн хувьд бас нэг зүйлийг асуумаар байна. Бор дарс амсдаггүй. Гэхдээ түүнийг төрөл, төрлөөр цуглуулдаг шүү дээ. Яагаад...?

Залуу байхдаа хүртэж л явлаа. Гэхдээ хэрэглээ биш юм байна гэдгийг ойлгосон. Том хүү маань Япон улсаас архи авчирч өгөөд миний аав хурандаа болоорой гэж хэлсэн. Түүнээс хойш архи, виски цуглуулдаг болсон. Одоогоор гадаад, дотоодын нийт 60 гаруй цуглуулгатай. Манай найз нар  хааяа орж ирэхээрээ чи уудаггүй байж энэ их архийг яана вэ гэдэг. Хүний хобби юм даа.

Мөн Баянхонгор аймагт 2022 онд болсон “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын дадлага, сургуулийн үеэр АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлалын офицер өөрсдийн орны цэргийн анги, байгууллагын дурсгалын медальоныг дурсгал болгон анх удаа надад өгсөн юм.  Энэ үед цэргийн том соёл бол медальон гэдгийг ойлгосон. Ингээд медальон цуглуулах санаа төрсөн. Цэргийн анги байгууллагуудад медальоны соёл ихээхэн хөгжсөн байдаг. Миний мэдэхээр хамгийн их медальон (800 ширхэг)-ны цуглуулгатай хүн бол ЗХЖШ-ын бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай даргыг гэж сонссон.

Ялангуяа цэргийн дарга нар генерал болохоороо өөрийн медальоныг хийлгэж, дурсгадаг юм билээ. Манай албаны генерал, дарга нарын медальон миний цуглууллагад байгаа. Сүүлийн үед удирдлага, хамт олон, найзууд маань дэмжиж миний цуглуулгад "хандив өргөх" болсон. Одоогоор гадаад улсын 15 орны, дотоодын 40 гаруй байгууллагын нийт 70 гаруй медальонтой. Цаашид цуглуулгаа улам өргөжүүлнэ гэж бодож байгаа.

 -Дунд хүү тань аавынхаа албыг өвлөхөөр ОХУ-д сурч байгаа. Энэ сонголт хэнийх байсан бэ?

             Манайх ам бүл  тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Содтунгалаг нийслэлийн Өргөө амаржих газрын Эрчимт эмчилгээний тасагт нярайн сувилагч, Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Том хүү гэр бүл болж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.  2021 онд өвөө болсон. Бага хүү ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн VIII ангийн сурагч.

            Таны асууснаар дунд хүү маань  ОХУ-ын Иргэний хамгаалалтын Академид суралцаж байгаа. Энэ сонголтыг хүү минь өөрөө хийсэн. Гэхдээ хүүгээ би багаас нь бэлтгэсэн. Ажил дээрээ дагуулж очиж, онцлогоо танилцуулна. Усан санд сэлж сургалаа. Бие бялдар, сэтгэлзүйг нь бэлтгэсэн гээд цэргийн хүн болгохыг л зорьсон доо.

-Үсний засалт, хувцас гээд их л загварлаг харагддаг?

        Цаг үетэйгээ мөр зэрэгцэн явахыг л хичээдэг. Миний хувьд үс засалтандаа илүү анхаардаг. Үс сайхан бол зүс сайхан гэж үг хэлдэг шүү дээ. Өглөө  ажилдаа явахаас өмнө эрт босоод үсээ “хэвлэхэд” нилээн цаг зарцуулна.  Мөн ажлын онцлогоос шалтгаалан гадаад, дотоодын олон хүмүүстэй харьцаж ажилладаг учраас Онцгой байдлын албаны офицер хүний нэр хүндийг эрхэмлэн явахыг хичээдэг. 

     Дорноговь аймагт 2019 онд  болсон “Говийн чоно-2019”  гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуулийн үеэр АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлалын офицерууд Монголын хамгийн гоё үстэй залуу гэж хэлж байсан нь одоог хүртэл санаанаас гардаггүй  юм.

-Гэртээ ирсэн зочдоо ямар хоолоор дайлах дуртай вэ?

  Хормогч өмсөөд гэртээ ирсэн зочдыг өөрийн гараар хийсэн амттай хоолоор дайлахыг хичээдэг. Би өөрөө чөлөөт цагаараа хоол хийх дуртай. Тийм ч учраас өөрийн хобби сонирхолдоо хөтлөгдөөд хоолныхоо цэсийг зохиогоод хийдэг. Хүүхдүүд маань аав хурдан амраасай гэдэг. Дүү нар маань бас манайд ирэх дуртай. Хоолыг бол олон төрлөөр “урлана” ш дээ. /инээв/

-Байнгын хурдан, шуурхай байна гэдэг бас л хэцүү. Дадал бол дадал тиймээ. Гэхдээ ямар үед хамгийн их тайвширдаг вэ?     Би өглөө, оройдоо байнга алхдаг. Эрүүл мэндэд маань ч тустай. Нөгөө талаар өдрийн хийсэн ажлаа эргэцүүлээд маргааш хийхээ ажлаа бодож, гэрийнхэнтэйгээ байх нөхцлөө бүрдүүлдэг гэх юм уу. Ажил бол ажил шүү дээ. Гэртээ ороод л хамгийн их тайвшралыг мэдэрдэг дээ.

-Ерөөлийн үгийг яруу сайханаар илэрхийлж хэлдэг. Анх таны тэр үгнүүдийг сонсоод шүлэг “тэрлэдэг” юм байна гэж ойлгодог байлаа?

Миний аав хүнийг үгийн сайхнаар ерөөж бай, тэгвэл миний хүүгийн ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж үргэлж захидаг байсан. Тийм учраас би ардын уран зохиол, эртний сайхан ерөөлийг их уншиж, цээжилдэг. Өөрөө бас хааяа зохиогоод хэлдэг юм. Хэн нэгэнд өөрийн баярлаж, талархсанаа илэрхийлж ерөөл хэлэх сайхан шүү дээ. Анх гал сөнөөгчөөр ажилд ороод удаагүй байхдаа “Гал сөнөөгчийн алдар” шүлгийг зохиосон. Тэр шүлэг маань Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойд зориулан гаргасан “Зарлигт албаны дайчид” шүлгийн номонд багтсан байдаг.

ГАЛ СӨНӨӨГЧИЙН АЛДАР

            Хонхон дуунаар машиндаа суугаад

            Хороолын гал руу хурдлан давхиад

            Хонгор бүсгүй галаас авраад

            Хожмын өдрөө дурсан сууна

                        Насан үүрдийн жаргал болохоор

                        Нэгэн өдөр дурсан санана

            Үүр шөнөөр дуудлага аваад

            Үеийн олноо аврахын төлөө

            Гал сөнөөгч миний үүрэг болохоор

            Галын голомт руу гүйн орлоо

                        Насан үүрдийн жаргал болохоор

                        Нэгэн өдөр дурсан санана

            Асан дүрэлзэх улаан галыг

            А-гийн хушуугаар шүршин унтрааж

            Аврах олсоор бүсгүйг аварч

            Алдар нэрээ өргөж явлаа

                        Насан үүрдийн жаргал болохоор

                        Нэгэн өдөр дурсан санана.

-Ярианы төгсгөлийг танд үлдээе. Гэгээн бүхэн гэрэлт орчлонд түгэх болтугай. Баярлалаа?

            Өнгөрсөн 28 жилийн хугацаанд олон удирдлага, багш, доктор, хамт олонтой хамтран ажиллаж, албаа гэсэн чин хүсэл минь их байсан тул өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Энэ их зүтгэлийг минь төр Засаг өндрөөр үнэлж 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнасан. Хичээл зүтгэлийн ард амжилт заавал байдаг гэдгийг хэлэхийг хүсч байна.

            Ингээд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ойн мэндийг үе, үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа хүргэе.