Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ “Цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн хүрсэн түвшнийг зөв тогтоож, цаашдын зорилтоо хангах арга замыг оновчтой тодорхойлоход марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өндөр ач холбогдолтой юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Цэргийн алба хаагчийн ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр”, 2023 онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”, “Залуу офицеруудын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн олон ажил, арга хэмжээнүүд тэмцээний үр дүнд эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ийнхүү тэмцээний цар хүрээ, ач холбогдол жилээс жилд өргөжин тэлж, баг, тамирчдын бэлтгэл улам сайжирч байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна. Цэргийн мэргэжлийн спортын их наадам, цэрэг хүний нэр төр, ид хавын илэрхийлэл болсон энэ тэмцээнд мэдлэг, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин уралдахаар жигдрэн жагссан Та бүхнийгээ харахад сэтгэл бахдам сайхан байна. Мянга мянган залуусын дундаас шалгарсан шилдгүүд оролцдог “Цэргийн олимп”-доо өндөр амжилт гаргахыг нийт баг, тамирчдадаа хүсэн ерөөе” гэлээ.
Энэ удаагийн тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 100 гаруй анги, салбарын 900 орчим шилдэг тамирчин оролцож байна. Мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар зохион байгуулж байгаа “Ахлагчийн жил”-ийн хүрээнд “Шилдэг ахлагчийн бүлэг” шалгаруулах төрөл, нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглах даалгаврыг шинээр оруулж, тэмцээний материаллаг баазыг сайжруулж, нээлтийн ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.
“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн нь 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг сорьдгоороо онцлог юм.