“Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран  “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 03-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Сургалтад нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн аврагч, ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 30 алба хаагч хамрагдсан юм. 

ОБЕГ-ЫН Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг  хэлсэн үгэндээ  “Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан тайланд дэлхий нийтэд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй гурав дахин ихсэнэ гэсэн судалгааны дүн гарсан. Сүүлийн таван жилийн хугацаанд гамшиг аюулт үзэгдэл, осолд өртсөн хүний 20 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Иймд онцгой байдлын байгууллага стратеги төлөвлөлтөндөө онцгой анхаарч, ард иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна” хэмээн онцоллоо.

 “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтын модулиар орон нутгийн алба хаагчдыг сургаж,  “Хүүхэд рүү чиглэсэн сургалт, хичээлийг заах арга зүй, хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, онцлог”, “Жендер ба хөгжлийн бэрхшээл” зэрэг олон сэдвийн хүрээнд гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшүүлсэн юм.