Ёслолын жагсаалд үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцлоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал өнөөдөр тус аймгийн “Сүхбаатар партизаны талбай”-д боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б. Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах болон аймаг, орон нутгийн удирдлагууд, үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэйгээр шүхрийн буулт хийлээ.

Анх 1934 оны наймдугаар сарын 22-ны Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас гаргасан 633 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн “Дотоодыг хамгаалах газар”-ын дэргэд “Галын аюулаас хамгаалах” таван гишүүнтэй комиссыг байгуулснаар суурь нь тавигдаж, өдгөө 90 жилийн ойтойгоо золгож байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь 9 салбар нэгжтэй, орчин цагийн гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, аймгийн хэмжээнд гамшгийн аюулаас  урьдчилан  сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулж байгаа юм.