Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн жилүүдэд бид гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан төлөвлөлтийг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлж Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр үндэсний болон орон нутаг, эрүүл мэнд, боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай авто зам, цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, хүн ам, өрх айл, газар тариалан, бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул, өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглал боловсруулсан. Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн, зураглал болон бусад эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бий болголоо. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах стартеги, төлөвлөлтийг эрсдэлийн мэдээлэл, нотолгоонд суурилан боловсруулж эрсдэлийг илүү бодитой бууруулах боломж нээлттэй болох юм" гэлээ.

Хурлаар зөвлөлийн 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсан үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулгыг сонсож,  гамшгийн эрсдэлийг бууруулах  хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцооны талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа. 

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн  эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдснаас хойш зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа "Гамшгаас хамгаалах хууль"-ийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлсэн байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here