Мал, тэжээвэр амьтдын 2024 оны тооллогыг энэ сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Иймд малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.
Ташрамд мэдээлэхэд, мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болжээ. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм. Мал тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглахаас гадна салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ач холбогдолтой.
Мал тооллогын 2023 оны жилийн эцсийн дүнгээр манай улсын малын тоо толгой 64.7 саяд хүрсэн билээ.