Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт”-ээр манай улсын хилийн гол зангилгаа боомтын нэг Замын-Үүдэд цогцолбор барьж, өргөтгөн шинэчилж ашиглалтад оруулахаас гадна ачаа тээвэр 24 цаг ажилладаг болоод байгаа.
Мөн Боршоо боомтын хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөрт 1500 хүн, 1000 автомашин зорчих боломж бүрдсэн. Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Ханги болон Шивээхүрэн боомтод төр, хувийн хэвшлийн түншлэлээр төмөр зам, олон төрөлт тээврийн терминал, ухаалаг тавцант тээврийн дэд бүтцийг байгуулж, тээвэр явагдаж байгааг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр дахин танилцууллаа.
Одоо боомтын эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж, менежментийн өөрчлөлттэй уялдуулан явуулах хэрэгтэй байгааг тэрбээр онцлоод, “Бид Боомтын хуулийн төслийг боловсруулсан. УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Үүгээр эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ” гэв. Үүнд:
- Боомтуудыг эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлж, олон улсын стандартад хүргэх,
- Боомт өөрөө өөрийгөө тэтгэдэг загварт шилжих зэрэг орж байна.
Үүнийг тэрбээр тодотгож хэлэхдээ, “Боомт бол эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх хамгийн том үүрэгтэй институт юм. Бодлогоос хоцордог, эзэнгүй байж болохгүй. Тиймээс одоо асуудлаа төвлөрүүлж, боловсруулдаг, төлөвлөж гүйцэтгэдэг болж, менежментийн чадавхийг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулахыг зорьж байна” гэв.
Боомтуудыг эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлж, олон улсын стандартад хүргэнэ.
“Боомтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Тэр тусмаа хувийн хэвшлийг түлхүү дэмжих стратегид шилжих хэрэгтэй. Боомтын өдөр тутмын төлөвлөлтөөс эхлээд бүх менежментийг хувийн хэвшил аваад явах тэр зарчим руу орно.
Боомтууд хоорондоо өрсөлдөж, бүс нутгийн хөгжилд ч тэр хэрээр том хөшүүрэг болно. Боомттой аймаг, сум, тосгонд давуу талыг олгох нь чухал. Тэгж байж боомтын шинэчлэл илүү бодитой хэрэгжих юм" гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга онцоллоо.
“Боомт бол бизнес. Энэ утгаараа бизнесийн бүхий л үйл ажиллагааг дэмждэг бүтэц байх учиртай. Өөрийн орлогоор санхүүждэг, үйл ажиллагаа явуулдаг зарчим руу эрчимтэй шилжих нь төрийн хүнд суртлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх олон талын эерэг үр дагавартай”-г хэллээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 39 боомтоос 24 нь үйл ажиллагаа явуулж, 9 боомтоор экспорт хийж байна. 39 боомтын 6 нь төмөр зам, 27 нь авто зам, 6 нь агаарын боомт байгаа юм.