Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар нэмж, 11- 16 хувьд хүргэхээр шийдлээ.
Жилийн инфляц энэ оны 10 дугаар сард 7 хувь байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж нэмэгджээ. Энэ нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнээс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр нэмэгдсэн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлжээ. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө, төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байгааг төв банк мэдээлэв.
Эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай байлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөөлөв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.
Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх ч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахаар бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав.
Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэхээр банкнуудын төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар нэмэхээр шийдлээ. Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцжээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт, инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх аж.