Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс Эрүүл мэндийн яамны харьяа дөрвөн эмнэлэгт 966, бусад яамны харьяа дөрвөн эмнэлэгт 236, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 10 эмнэлэгт 1528 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ сарын 18-наас эхлэн өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 21:00 цаг, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ. Түүнчлэн амбулаторийн үзлэгийг 22:00 хүртэл сунгасан байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Баянхошуу салбар эмнэлэг болон “Хантуул” хүүхдийн сэргээн засах төвд хүүхэд хэвтүүлэх тус бүр 50 ор нэмэлтээр дэлгэхээр болжээ.
Томуу, томуу төст өвчний тохиолдол долоо хоног тутамд нэмэгдэж байгаа бөгөөд өндөр халуурах, халуун буухдаа удаан байгааг эмч нар санууллаа. Түүнчлэн халууны хугацаа 2-5 хоног үргэлжилж, ханиах, найтаах, бөөлжиж суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч байна.
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал ярихдаа “Томуугийн нууц хугацаа 2-5 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Томуугийн халдвартай хүн ханиаж, найтаахад агаарт цацагдсан томуугийн халдварын вирус өрөө тасалгаанд 2-8 цаг байдаг. Тиймээс амны хаалт зүүж хэвшихийг зөвлөе. Өндөр халуурч байгаа хүүхэд шингэн ихээр алддаг. Тиймээс шингэн сайн уулгах хэрэгтэй. Уушгины хатгаагаар хүндэрч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн вакцин хийлгээгүй. Түүнчлэн хоёрдогчоор нянгийн халдвар хавсарч байгаа тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр байна” гэв.