Утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  

Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр ирэх оны хоёрдугаар сарын 3-4-нд явуулахаар тусгасан байв. Энэ үеэр гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг утаа багасдаг хоёрдугаар сард зохион байгуулахаар товлосон шалтгааныг тодруулсаны зэрэгцээ сонсголд зөвхөн нийслэлийн асуудлыг хамруулж ярилцах эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангахад анхаарсан. Үүнээс хамаарч хамгийн наад хугацааг тооцоход нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа юм. Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, бодлого шийдвэрийн үр дүн, технологийн шийдэл зэрэг сэдвээр дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага үүсэж болзошгүйг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тогтсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэлээр хязгаарлалгүй, улсын хэмжээнд асуудлыг авч үзнэ гэсэн хариултыг өгөв.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн  78.6 хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ. Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарыг нэмэхээр тусгав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here