Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн наадмын хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг нээлттэй зарлаж, “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж өнөөдөр зохион байгуулагдах наадмын нээлт, шагнал гардуулах ёслолын үеэр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-оор найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарч, албан ёсны нээлтээ Corporate Hotel & convention center-т хийхэд бэлэн болоод байна. Бусад төрөлд шалгарсан кино бүтээлүүд энэ сарын 13-нд Монгол кино хөтөлбөрийн үеэр Тэнгис кино театрт олны хүртээл болно.
Энэ жилийн наадмын онцлох орноор Америкийн Нэгдсэн Улс сонгогдсон ба “Америкийн Кино Өдөрлөг”-ийг маргааш Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна. Америкийн Кино Өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “Охидын санаачлага” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра Монголд айлчилж, олон нийттэй нээлттэй ярилцлага хийх болно. Наадмын үеэр нийт таван Америкийн шилдэг кино бүтээл Тэнгис болон iCinema кино театруудад гарна. Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулна.
Монголын Урлагийн Зөвлөл уламжлал ёсоор наадмын олон улсын хөтөлбөрийг Францын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Гёте-Институттэй хамтран Канн, Берлин, Венец, Торонто, Сандэнс, Пусан зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Бразил, Бельги, Герман, Замби, ОХУ, Франц, Тайвань зэрэг орны кино бүтээлийг олон нийтэд толилуулан, уран бүтээлчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ удаагийн наадмын үеэр Францын орчин цагийн шилдэг кино бүтээлийг Францын Элчин Сайдын Яамтай хамтран, Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын зөвлөх Тибу Бракын ярилцлагатайгаар хүргэх болно. Мөн наадмын олон улсын хөтөлбөрийн хүрээнд Бельгийн кино найруулагч Питер Бросенсийг онцлож, түүний кино найруулагч Д.Төрмөнхтэй хамтран бүтээсэн “Нохойн Орон” болон “Хадаг” болон “Тав дах Улирал” кино бүтээлүүдийг олны хүртээл болгож, найруулагч Питер Бросэнстай нээлттэй ярилцлагыг Гүрү Медиа болон Алтан Хальс Холбоотой хамтран iCinema кино театрт зохион байгуулна.
Мөн Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Кино Форум”-ыг энэ сарын 12-нд Америкийн ЭСЯ, Culture distributer LLC, Анкоре Төвтэй хамтран зохион байгуулах юм. Тус Форумд наадамд уригдан ирсэн Канн, Бусан, Фрибур, Казан, Весул олон улсын кино наадмын зохион байгуулагчид болон Америк, Европын кино найруулагч, продюсер, борлуулагч компанийн төлөөлөл оролцож, дэлхийн кино урлагийн чиг хандлага, олон улсын кино наадмын хөгжил, боломжуудын тухай танилцуулж, Монголын уран бүтээлчидтэй туршлага хуваалцах болно.
Энэ удаагийн кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, кино бүтээлээ олон улсад түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино яармаг”-ийг санаачлан энэ сарын 12-нд “Монгол Контент” ХХК-тай хамтран зохион байгуулна.