Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чин сэтгэлийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариу талархал илэрхийлээд Арабын орнуудын говь цөлд хот барьдаг, цөлжилтийн эсрэг баянбүрдүүд байгуулдаг туршлагаас хуваалцаж хамтран ажиллах саналтай байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улс бол мал аж ахуйн орон. Хөдөө аж ахуйн чиглэлд ч хамтран ажиллах саналтай байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол орон байгалийн баялаг ихтэй. Үүнийгээ оновчтой зөв ашиглаж чадвал богино хугацаанд хөгжих боломжтой улс” хэмээсэн юм.

Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан “Монголын зарим хэсэгт усгүйгээс болж ан амьтан үхсэн тохиолдол гарсныг үзэж сонсож байсан. Үүнээс сэргийлж худаг гаргаж, усаар хангах тал дээр туслах боломж байна. Давхар татварын асуудлыг шийдвэл Монгол Улсад хөрөнгө оруулах талаар тодорхой гэрээ байгуулах, хөрөнгө оруулах боломжтой.

Арабын Нэгдсэн Эмират Улс Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай ЭСЯ-аа нээн ажиллуулж байна. Монгол Улс Арабын Нэгдсэн Эмират Улсад ЭСЯ-аа нээхийг урьж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр орны харилцааг эдийн засагжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх төслүүд рүү чиглүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэдгийг уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байлаа.

Шейх Султан Бин Халифа Аль-Нахъяан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг бүрэн дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэв.