Элчин сайдын томилгооноос үүдэж 15 сайдын нэрсийг гацаажээ

У.Хүрэлсүхийн танхимд ажиллах 15 сайдын нэр эцэслэгдэж, Ерөнхийлөгчид өргөн барьсан ч тодорхойгүй байдалд ороод байна. Тодруулбал, сайд нарын нэрийг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвшилцөхөөр хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариугаа өгөөгүй байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгад АТГ-аас эдгээр 15 сайд ашиг сонирхлын ямар нэг зөрчилгүй гэсэн хариу өгсөн ч асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгч гацаасан нь хэд хэдэн шалтгаантай бололтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн санал болгосон Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлаар МАН гацаа үүсгэж, дэмжихгүй байгаагаас асуудал үүсчээ. Мөн өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед УИХ-аар хэлэлцсэн Ё.Отгонбаяр, Н.Чимгүүндарь, Д.Ганбат, Л.Пүрэвсүрэн тэргүүтэй Элчин сайдуудыг Х.Баттулга Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээр Элчин сайдуудыг томилох асуудлыг эргэж харахгүй бол 15 сайдыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж, эндээс болж үл ойлголцол үүсээд байгааг эх сурвалж онцоллоо. Нөгөөтэйгүүр, 15 сайд нар дунд давхар иргэншилтэй иргэн байгаа тухай мөн ашиг сонирхлын зөрчилтэй ажлаа сайн хийж чадахгүй гэж үзсэн ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлсэн аж.

Тиймээс энэ мэт асуудлаас үүдэж 15 асуудал хүлээлтэд шилжлээ. Гэвч хуульдаа Ерөнхийлөгч дэмжсэн, үл дэмжсэн гэдгээс хамаарч УИХ-д асуудлыг оруулах учиртай. Тэр ч утгаараа ирэх лхагва гараг хүртэл Ерөнхийлөгч хариу өгөхгүй бол У.Хүрэлсүх сайд нарын нэрсийг УИХ-д оруулж ирэх юм. Гэвч У.Хүрэлсүх, Х.Баттулга нар нэг ашиг сонирхолтой гэдгийг мартаж боломгүй.

Б.Эрхэс