Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна.
Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэлүүдийг өглөө.
Энэ жилийн цэрэг татлага нь Монгол улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд цэргийн албаны тухай хуулиар иргэд хоёр удаа цэрэгт татагдах, цэргийн алба хаасан иргэдийн ажлын байр хадгалагдан үлдэх, эргэж ажилдаа томилогдох хуулийн заалтууд орсноороо онцлог ажээ.
Мөн цэргийн албанаас халагдан ирж байгаа иргэддээ ажлын байр танилцуулах үйл ажиллагааг бүх дүүргүүд дээр зохион байгуулж байгаа юм байна.