Хойд эцэг нь таван настай охиноо хүчирхийлсэн хэргээс үүдээд олон нийт хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудлыг төрөөс анхаарах цаг болсныг сануулж эхэллээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс таван настай охины хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
“Хүүхдийн тусламжийн 108” утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг.
Эдгээр дуудлагын ихэнх хувийг танин мэдэхүй, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой асуулт эзэлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төв анх 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 503 дуудлага ирсэн. Үүнээс 2017 онд хүчирхийлэлтэй холбоотой 157 дуудлага ирсэн. Эдгээр 157 дуудлагын 122 нь хяналтад авсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний үр дүн, тухайн үйлдэл давтагдаж байна уу гэдгийг шалгадаг төрийн үйлчилгээ юм. "Хүүхдийн тусламжийн 108" төвд ирж байгаа бүх хүүхэд эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. “Хүүхдийн тусламжийн 108” төвөөс яаралтай тусламжийн баг гарган шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлийн шинжилгээ авах зэрэг ажлыг хийгээд явж байна.
Энэ хэрэг явдалд мэдээж иргэд бухимдаж, айж, эмээж байгаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллаж байна.
Шинээр нэг хамгаалах байр байгуулах гэж байгаа. “Цөлийн сарнай” гээд охидын асрах төв бий. Уг төвд одоогийн байдлаар 13 орчим бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд амьдарч байна. Харин тэнд байгаа хүүхдүүдээс яриа авч, зүс царайг олон нийтэд битгий ил болгоосой гэж хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас хүсч байна. Яагаад гэвэл тэд хэвийн амьдралд орохын тулд хичээж, чармайж байгаа. “Хүүхдийн тусламжийн 108” төвийн нийгмийн ажилтан, сэтгэл судлаачид тэр хүүхдүүдийг хэвийн амьдралд оруулахад анхаарч ажилладаг. Тиймээс энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахдаа олон нийтийг урьдчилан сэргийлэхэд уриалаасай гэж хүсч байна.
Энэ онд хүчирхийлэлд өртсөн 157 дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17, ойр дотны хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь нийт дуудлагын 30-40 хувийг эзэлнэ. Тэгэхээр эцэг, эхчүүд, гэр бүл, ах, эгч, дүү нар нь хараа хяналтаа сайжруулах тухай асуудал маш чухал болоод байна. Дахин нэг тоо хэлэхэд нийт хүчирхийллийн талаарх дуудлага мэдээллийн 23 хувийг тухайн хүүхэд өөрөө мэдээлсэн байдаг. Хүүхэд хамгааллын тогтолцооны хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх ажил гэдгийг л ойлгох ёстой.
Би нэг жишээ ярья. Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт хоёр охин амиа хорлохоор тохирсон ч нэг нь амьд үлдсэн тохиолдол бий. Гэтэл амьд үлдсэн хүүхдэд амиа хорлосон хүүхдийн гэр бүл болон найз нөхөд, анги хамт олноос нь асар их дарамт шахалт ирсэн. Тэр нь тухайн хүүхдийг сэтгэцийн өөрчлөлтөд орохоос өөр аргагүй болгосон. Энэ тохиолдолд тэр хүүхэдтэй ажиллах сэтгэлзүйч Говь-Алтай аймагт байна уу гэвэл байхгүй. Тус аймагт сэтгэлзүйчийг томилон нэг сар ажиллуулья гэхэд 10 сая төгрөгийн зардал гарна. Энэ мэт бэрхшээлүүд байдаг. Хүүхдийг хүчирхийллээс хамгалаах талаар ажиллаж байгаа ч үнэхээр хүч хүрэлцэхгүй байгаа нь үнэн" хэмээн ярилаа.