Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан хамрагдана. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.
Нийслэлийн ойг тохиолдуулан уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачидтай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлж сургалтад хамрагдана. Мөн аяллын төгсгөлд жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцана.