Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн III хурал өнөөдөр боллоо. Хуралд ХХААХҮЯ, БСШУСЯ, НХХЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Канадын “Юнитериа” хөтөлбөр, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, олон улсын байгууллагууд, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Хурлаар ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн хэтийн төлөвлөгөөг хэлэлцэхээс гадна бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцогчдын чиг үүргийг тодорхойлсон юм.
Хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар үг хэллээ. Тэрээр “Манай улс 2016 оны байдлаар ноолууран түүхий эдийн 86 хувийг, ноосон түүхий эдийн 40 хувийг зөвхөн угаасан байдлаар экспортолж байгаа. Үүнээс дотоодын үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа самнах дамжлагаар 20 хувь, ээрэхээр 34 хувь, нэхэхээр 25 хувь сүлжихээр 70 хувийг ашиглаж байгаа нь үйлдвэрүүдийн бүтээмж, ашиг, өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байна. Мөн суурилагдсан хүчин чадлаа бүрэн ашиглахад шаардагдах инженер, техникийн болон нарийн мэргэжлийн ажилтны хэрэгцээ хангалтгүй байгаа нь сүүлийн 5 жилийн дунджаар жилд инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй хүн бэлтгэгдэж байгаагаас харагдаж байна” гэв.
Мөн хэрэглэгчийн пирамидын дундаас дээш болон тансаг хэрэглээний бүлгийнхний хэрэгцээт бүтээгдэхүүн болж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа үнэт түүхий эдээ бид бүрэн ашиглах талаар оновчтой бодлого, хамтын ажиллагааны хэлбэр байх шаардлагатайг үндэслэн “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай эрхзүйн орчин бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын тусгай сан бий болгож зээлийн нөхцөлийг сайжруулах нь чухал байна. Мөн өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэн гадаад зах зээлд таниулах, эрэлт хэрэгцээнд тохирсон хүний нөөцийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийднэ гэдгийг онцлон хэлэв.
Түүнчлэн Канад улсын мэргэжилтний боловсруулсан “Нэмүү өртөгийн сүлжээний тогтвортой байдал” сургалт болон Япон улсын мэргэжилтний “Япон улс дахь бэлэн хувцасны загварын орчин үеийн чиг хандлага”-ын талаар мэдээлэл солилцлоо.