УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцлээ.
Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн Ч.Хүрэлбаатар нь Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар 55 тэрбум төгрөг тараах санал гаргаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлж байгааг Ерөнхийлөгч буруушаасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн түвшинд уг асуудлыг нягталж хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн. Ингэхэд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлэх, түүнийг УИХ хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой. Энэ үед Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах шаардлагатай тул Сангийн сайдгүй байж болохгүй. Тиймээс АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө” гэв.
Үүний дараа завсарлагын хугацаа дууссан тул Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, уг хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дээрх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.