УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.30/ хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
2018 оны төсвийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг УИХ-д Засгийн газар өргөн бариад байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэр гаргалаа. 2018 оны төсөвтэй холбоотойгоор анхаарлаа хандуулах ямар асуудал байгаа, орлого, зарлагад бодлогын реформ хийсэн байх ёстой зэрэг шаардлагыг тавина гэдгээ тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн үеэр онцоллоо. Онцолж байгаа хэд хэдэн зүйл заалтад Тухайлбал,
- Хүүхдийн мөнгийг цаашид ялгаваргүй олгох
- Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх
- Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг хийхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүүд үзэх, хувийн хэвшлийг нийгмийн асуудалд оролцуулах асуудлаар цоо шинэ хандлагыг гаргах
- Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд Засгийн газрын шинээр тавьсан өр нэг их наяд төгрөгт хүрсэн байгаа гэдгийг анхааруулах юм байна.
Хэрвээ жил бүр нэг их наядын өр тавиад байх юм бол энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь. Тиймээс өрийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Бид 2017 оны төсөв хэлэлцэх үеэр “уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхий дахинд өсөх хандлагатай байна. Тиймээс та бүхний харж байгаа ханшийн болон үнийн төсөөлөл чинь бага байна” гэдэг асуудлыг анхааруулсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Гэтэл яг бидний төсөөлж байснаар уул уурхайн түүхий эдийн үнэ тогтвортой өсч, төсвийн орлого ч нэмэгдсэн. Тиймээс энэ удаагийн 2018 оны төсөв ч гэсэн орлогыг тооцохдоо валютын ханш болон түүхий эдийн үнийг зөв тооцож үзэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлнэ. Ажлын хэсгийн өнөөдөр орж ирж байгаа 2018 төсвийн төслийн орлого, зарлага, алдагдлын хэмжээг эргэж бүгдийг нь бодитойгоор гаргаж, төсвийн реформтой хамтатгаж, бодлогын чиглэлээр үзэхэд ямар байх эсэх дүгнэлтийг гаргах. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 2.7 их наяд, ирэх жилийн буюу 2018 оны төсөөлөл 2.4 их наяд гэж 300 тэрбумаар бууж байгаа. Гэсэн хэдий ч орлогыг зарлагатай нэмж тэнцүүлэн өсгөж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс энэ асуудалд ажлын хэсгийг анхаарч ажиллах даалгаварыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өглөө.
Ерөнхийлөгчийн хоригийг хууль зөрчиж хэлэлцсэн гэж үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.10.26-ны өдрийн УИХ-ын шийдвэрт хэсэгчилсэн хориг тавьсан асуудлыг бүлэг хуралдаанаараа хэлэлцсэн талаар бүлгийн дарга танилцууллаа. Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу хориг тавих онцгой бүрэн эрхтэй. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хууль зөрчиж өргөн барьсан. Тиймээс үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрийн байр суурийг илэрхийлж завсарлага авахыг хүссэн. Гэвч бидний хүссэн завсарлагыг хуульд заасан хугацаанд өгөхийг түтгэлзүүлж, шууд хурлаа хийгээд явсан. Хоёрдугаарт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг шинэ Засгийн газар байгуулагдаж байхад өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Гэтэл 100 хувь "давхар дээлтэй" Засгийн газар байгуулагдлаа. Үүний дотор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч орж байгаа. Тиймээс бид дэмжээгүй. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа хэвээр байгаа. Сүүлийн үед нэг онцгой анхаарал татаж байгаа нэг асуудал байна. Тэр нь зөвхөн төрийн албан хаагчдад хишиг хүртээх маягаар ялгаварлаж, 300 мянган төгрөг буюу 55 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан нь Үндсэн хуулийн хүн бүр тэгш эрхтэй байх заалтыг зөрчиж байгаа. Төсвийн тодотголд Ардчилсан намын бүлгийн байр суурь тодорхой байсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байсан. Харамсалтай нь энэ шаардлага биелэгдээгүй.
Хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдын эргүүлэн ажилд нь томилох шаардлагыг Г.Занданшатарт хүргүүлсэн
Төрийн албаны зөвлөлөөс 2016 онд УИХ-ын дараа 22235 төрийн албан хаагч ажлаасаа халагдсан гэдэг мэдээллийг албан ёсоор өгсөн. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар халагдсан хүмүүсийн нөхөн олговорыг олгох зорилгоор 2017 оны төсвийн тодотголд 4.6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа юм. Энэ талаар Д.Эрдэнэбат "Төрийн алыбан хаагчдыг хэрвээ хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдсон бол эргүүлэн ажилд нь томилох тухай асуудал юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн ажилд нь томилох нь зүйтэй гэсэн шаардлагыг ЗГ ХЭГ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Тиймээс ч бид энэ шаардалагынхаа араас хатуу ажиллах болно. Шинэ Засгийн газар гараад хуулийг хэрэгжүүлж ажиллана гэсэн амлалтаа биелүүлэх нь нэн тэргүүний шалгуур нь байх болно. Тиймээс ч бид шаардлага хүргүүлсэн байгаа" гэдгийг дуулгав.