МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай холбогдох 50 сая вонны хахуулийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүв. Шүүх хурлыг шүүгч С.Өсөхбаяр даргалж, нээлттэй явуулсан юм.
Шүүх бүрэлдэхүүн С.Ганбаатарыг "Сонгуулийн тухай хууль"-ийг зөрчиж БНСУ-ын иргэн Юү Ван Сү-нээс 50 сая вонн авсныг тогтоожээ. Улмаар түүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 440 мянган төгрөгөөр торгохоор болов.
Мөн С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгаж, түүний авсан хандивын 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар С.Ганбаатар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй юм гэж тус шүүхийн хэвлэлийн албанаас мэдээллээ.