УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төслийг авч хэлэлцжээ.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр, "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүй, төрийн албан хаагчдад 300 мянгөн төгрөгийг хууль зөрчиж олгохоор болсон, төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан байна. Уг хоригийг бүлэг авч хэлэлцээд хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул "Хүлээж авах боломжгүй" гэж үзлээ. Түүнчлэн энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр тогтов.
Мөн сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй тул 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоо болсны зэрэгцээ хүүхдийн мөнгө болон цалин нэмэхэд анхаарч ажиллаж байгаагаа бүлгийн дарга мэдэгдлээ. Харин төсвийн хөрөнгө оруулалтыг 94,5 төгрөгөөр бууруулсан нь нөгөө талдаа төсвийн чанарыг 0,5 хувиар сайжруулсан явдал болсон хэмээн тэрбээр тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ирэх оны төсвийн төслийг ахалж ажиллаж байгаагийн хувьд тэрбээр мэдээлэл хийсэн юм. Тус ажлын хэсгээс ирэх оны төсвийг гурван чиглэлд анализ хийж үзээд, "Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус нийцсэн байна. Гуравдугаарт Засгийн газар орлогоо нэмж зарлагыг хасагдуулах чиглэлд төслийг боловсруулж чадаж уу гэдгийг хянаад ганц нэг өөрчлөлтийг тусгасан" гэж Д.Тогтохсүрэн гишүүн ярьлаа.