Оны шилдэг залуу судлаачид тодорлоо

Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит грант гардуулахарга хэмжээ өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндээ анхаарсан улс орон ямагт хөгждөгийг цохон тэмдэглээд монголын ирээдүй болсон залуусыг тэр тусмаа залуу эрдэмтэн, судлаачдыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр цааш нь “Шинжлэх ухаан, технологи, инноваци бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлох салбар юм. Тиймээс ч энэ салбарт онцгой анхаарал хандуулж, төрийн бодлогын залгамж халааг хадгалж, залуу эрдэмтэн, судлаачдыг сурч, боловсрох бүхий л нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана. Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжинэ” гэв.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлдБСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардуулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол номд хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлсэн байна.

“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, дэмжлэг хүртэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн нээлт гаргах үйл явцыг дэмжсэн үндэсний арга хэмжээ юм.

Эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж буйг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхтэй оролцож байгаагаас харж болох юм. Иймээс ирэх жилийн “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг хилийн чанадад ажиллаж, суралцаж буй залуу судлаачдыг татан оролцуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо.