Шинэ сууцны дундаж үнэ өсчээ

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар Орон сууцны үнийн ерөнхий индекс өнгөрсөн есдүгээр сараас 0.2 хувиар өссөн үр дүнг харуулж байна. Харин өнгөрсөн 10 дугаар сарын үр дүнтэй харьцуулбал 0.24 хувиар буурчээ.

Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, өнөөгийн байдлаар орон сууцны үнэ ОСҮИ анх тооцож байсан үеийн түвшинд хүрлээ хэмээн Тэнхлэг зууч компанийн судлаачид онцоллоо.

Өнгөрсөн сарын үзүүлэлтээр шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ 2 сая 178 мянган төгрөг болсон нь өмнөх сараас 0.92 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.86 хувиар өсчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан нь өмнөх сараас 0.11 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.20 хувиар өссөн байна.Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сард 71 сая 861 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.23 хувиар, өмнөх сараас 0.15 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хуучин орон сууцны үнийн индекс 0.91 хувьтай гарсан нь өмнөх сараас 0.16 хувиар буурсан үзүүлэлт юм.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Орон сууцны үнийн индексийн тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ.