УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга М.Энхболдод Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлыг хойшлуулаад, УИХ-ын нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэсэн хүсэлтээ өгчээ. Энэ талаараа тэрбээр "Нийтийн сонсгол бол Монгол Улсын хуулийн дагуу хийгдэж буй үйлдэл. Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд би санаачлага гаргаж, нийтийн сонсгол явуулахыг хүсч байгаа. Өнөөдөр Байнгын хороодоор Элчийн сайд нарын томилгоог хэлэлцэх хуваарьтай бол маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Гэтэл Нийтийн сонсголын тухай хуульд заасан “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалттай. Нээлттэй сонсгол хийх тухай саналыг УИХ-ын гишүүдийн 19 нь л дэмжсэн тохиолдолд УИХ-д нээлттэй сонсгол явуулах боломж нээгдэж байна гэсэн үг" гэлээ.
Тиймээс Байнгын хороо, чуулганаар өнөө, маргааш Элчин сайд нарын томилгоог төлөвлөснөөрөө хэлэлцэх үү? Эсвэл нээлттэй сонсгол хийх үү гэсэн асуулт урган гарч ирж байгаа аж. Сонсгол явуулах хүсэлтээ албан ёсоор гаргасан учраас Ж.Батзандан гишүүн мөн өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлосон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхгүй, хойшлуулж өгнө үү” гэсэн санал хүргүүлсэн байна.
Нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд:
- УИХ-ын гишүүн Л.Болд
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан
- УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн С.Жавхлан
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн Г.Солтан
- УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн О.Батнасан
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Дашрамд дуулгахад, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувьд нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн бөгөөд "Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн шигээ эргээд уучлалт гуйх ёстой" гэсэн хүсэлт гаргаад байгаа юм.