УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр таван гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хяналтын дэд хорооны зарим гишүүдийг өөрчлөх асуудлаар нэг хоногийн завсарлага авсан нь ийнхүү дууслаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга О.Содбилэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж долоо болгох саналтай байгаагаа танилцуулав.
Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү тус дэд хорооны бүрэлдэхүүний тоог нэмсэнтэй холбоотойгоор Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргав.
Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа.
Ингээд Байнгын хорооны дарга О.Содбилэгийн гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Д.Оюунхорол нарын гурван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. Улмаар уг асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн. Гэвч байнгын хороо санал дүгнэлтээ эцэслэн боловсруулж амжаагүй тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдрийн хуралдаанаа өндөрлөлөө.