Монголын Улсын эдийн засгийн салбарт өнгөрсөн сард гарсан томоохон өөрчлөлтүүдийг Монголбанкны удирдлагууд танилцуулав.
Танилцуулгын эхэнд Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил УИХ-аар баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2018 оны үндсэн чиглэл”-ийн талаар товч мэдээлэл хийлээ. Сүүлийн саруудад эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийг бэхжүүлэх, аливаа эрсдлээс сэргийлж, иргэдийн ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад 2018 оны мөнгөний бодлого чиглэж байгаа юм. Энэ хүрээнд Банкны болон Төв банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тэрбээр онцлов.
Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засгийн идэвжилтийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх болобм бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Түүний дараа Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улс 26 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 6.2 тэрбум, Монголбанк 1.9 тэрбум төгрөгийн өртэй бол хувийн хэвшлийн салбар 17.9 тэрбум ам.долларын өртэй байна. Харин эдийн засаг дахь нийт зээлийн үлдэгдэл 15.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт. Нийт зээлийн 49 хувь нь цалин, тэтгэвэр буюу иргэдийн, барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлийн зээл 51 хувийг эзэлж байгаа юм” хэмээв.