Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрбээр "Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна. Тиймээс энэ асуудлуудад төр анхаарлаа хандуулахаас аргагүй юм. Очир төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой. Нийгмийн энэ мэт үзэгдлүүдэд төрийн хатуу бодлого шаардлагатай. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ 70,700 хоног бмш үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зөв гэж үзэж Ажлын хэсэг байгуулсан. Хэлэхээс сэтгэл эмзэглэмээр хэргүүдийг Хүний эрхийн үндэсний комиссын тоон баримтад дурьдаж байна. Энх цагт бид дайны үед амиа алдсан хүмүүсээс олон хүн, хүүхдийг жилийн дотор алдаж байгаа аймшигт тоо байна. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан байгаа. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй. Тиймээс цаазын ялын асуудлыг эргэн харах нь зүйтэй" гэсэн юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалуулах, хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийн явц, төсвийн зарцуулалтын хүүхдэд ээлтэй үр дүнг нэмэгдүүлэх, шаардлагатай эрхзүйн зохицуулалтын шийдэл гарцыг хэлэлцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоо хяналтыг бий болгох зорилготой юм.
Хэлэлцүүлэгт Монгол хүний /хүүхэд, эмэгтэйчүүдийн/ аюулгүй амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангах, хүчирхийлэл, гэмт халдлагаас хамгаалах тодорхой чиг үүрэг хүлээдэг төрийн бодлогын болон үйлчилгээний байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэд, судлаачид, олон улсын байгууллагууд оролцож байна. Энэхүү хэлэлцүүлгийг хийснээр:
- Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, нөхцөлийг тодорхойлж нэгтгэн дүгнэснээр шаардлагатай эрхзүйн орчинг өөрчлөх боломжийг судлах,
- Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, ажлын уялдаа холбоо сайжрах,
- Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж хамтран ажилласнаар хүүхдийн эсрэг гэмт хэргийг дорвитой бууруулах гарц шийдлийг олох зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.