МАН-ын 28 дугаар ээлжит их хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-23- нд “Итгэл-зүтгэл-хариуцлага” уриан дор болж өнгөрлөө.
Их хуралд эх орныхоо өнцөг булан бүрээс 211 мянган гишүүдээ төлөөлж 1283 төлөөлөгч оролцлоо. Тэдний 696 нь буюу 53.2 хувь нь их хуралд анх удаагаа сонгогдсон бол МАН-ын Төв хороонд Ерөнхий нарийн бичгийн дарга, Төв хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, философийн ухааны дэд доктор Гомбожавын Очирбат хамгийн олон буюу 11 дэх удаагаа сонгодон оролцлоо. Мөн УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч, Удирдахуйн ухааны доктор Дамдины Дэмбэрэл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж зэрэг төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төлөөлөгчөөр сонгогдон ирж оролцов.
Төлөөлөгчдийн 306 нь буюу 23.4 хувь нь эмэгтэйчүүд, 235 буюу 18 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32 хувь нь 46-60 насныхан, 97 буюу 7.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна. Энэ нь МАН-ын энэ удаагийн их хурал намын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөллийг бүрэн хангасныг илэрхийлж байна.
Их хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь ахмад дипломатч,Монгол Улсын баатар, 100 настанПунцагийн Шагдарсүрэнбайсан бол хамгийн залуу нь Дорноговь аймгийн Өргөн сумын намын байгууллагын гишүүн, 22 настай Төмөрбаатарын Цэнд-Аюуш байна. Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн манай намыг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар нэгэн үе ажиллаж байсан нэгэн юм.
Төлөөлөгчдийн 1172 буюу 89.5 хувь нь дээд боловсролтой, доктор, доктор профессор, дэд профессор 41, магистр зэрэгтэй 270 буюу 21 хувь байна. Төлөөлөгчдийн 286 буюу 22 хувь нь эдийн засагч, 220 буюу 17 хувь нь инженер мэргэжилтэй байна. Их хуралд 158 хуульч, 161 багш, 49 эмч, 400 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, сэтгүүлч, улс төр судлаач, социологч бусад төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогджээ. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл 321 буюу 24.5 хувь байна.
Их хурал Монгол ардын намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын ХХҮII их хурлаас хойш Намын бага хурал, Удирдах зөвлөл, намын Ажлын албанаас хийсэн ажлын талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл,намын Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэлийг тус тус хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өглөө.
Их хурлаас “МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөрийг шинэчилж баталлаа. Шинэ “Хичээн эрмэлзэх зүйл”-ийн гол агуулга нь намынхаа түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг тодотгож, үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг илүү тодорхой болгож байгаа юм. Намын мөрийн хөтөлбөр нь үндсэн 3 хэсэгтэй.
Эхний хэсэг нь “Эрх чөлөө-тусгаар тогтнол”. Энэ хэсэгт ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнолын төлөөх үзэл санаа нь манай намын уугуул өв, үнэт зүйл гэдгийг зарлан тунхаглаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах бодлогын тулгуур үндсүүд, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлон заасан.
Хоёр дахь хэсэг нь “Шударга ёс-хариуцлага”. МАН шударга ёс, хариуцлагыг үйл ажиллагааныхаа нэн тэргүүний зарчим болгон тунхаглаж байна. Энэ хүрээнд эв санааны нэгдлийн зарчмыг нийгмийн шударга ёсны тулгуур гэж үзэж, нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, хариуцлагыг эрхэмлэх болно. Хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдээ тогтвортой ажлын байраар хангах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, эрдэс баялгийн салбарыг үндэсний эрх ашигт нийцүүлэн хөгжүүлж, олсон орлогоо эдийн засгийн бие даасан байдлыг хангахад зарцуулах зэрэг асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахыг эрмэлзэх болно.
Гурав дах хэсэг нь “Эв нэгдэл- итгэл зүтгэл”. Эв нэгдэл, итгэл зүтгэл, үндэсний язгуур эрх ашиг нь манай намын үйл ажиллагааны үндсэн зорилго байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл, үнэт зүйлсийн нэгдмэл байдал нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийн суурь гэж үзнэ. Төрийн бодлогыг тууштай байлгаж, түүний залгамж чанарыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний бүх талын баталгааг хангаж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Иргэн бүр харилцан бие биеэ хүндэтгэх, итгэлцэх, эрх үүргээ ухамсартай хэрэгжүүлэх, эрүүл саруул нийгмийн хүрээлэлд ажиллаж амьдрах тогтолцоог бий болгохыг зорино.
“Монгол ардын намын хичээн эрмэлзэх зүйл” буюу мөрийн хөтөлбөр бол намын бүхий л үйл ажиллагаанд баримтлах үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмууд юм. Манай нам засгийн эрх барьж байх үедээ ч, сөрөг хүчин болсон ч улс орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхан байдлын төлөө аливаа асуудалд энэхүү үндсэн тулгуур үзэл баримтлал, суурь зарчмуудыг баримталжшийдвэр гаргах хөтөч, жанжин шугам юм.
Түүнчлэн Монгол Ардын Намын их хурлаас намынхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа.Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр МАН-ын дотоод амьдралд тулгарч буй олон асуудлыг оновчтой зохицуулах, намын үйл ажиллагааны эмх цэгц, дэг журмыг сайжруулах, намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон заалт орсон. Тухайлбал, МАН-ын бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгож нэмэгдүүлэн,бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь анхан шатны байгууллагын төлөөлөл байх квот тогтоолоо. Энэ заалт нь МАН-ын анхан шатны болон удирдах байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулж, гишүүдийн шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нэмэгдүүлнэ. Мөн дүрмийн “намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт өөрчлөгдөж, 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх боллоо. Энэ бол жендерийн тэгш байдлыг хангахад тууштай хандаж байгаагийн илрэл юм. МАН-ын Их хурлаас нууц санал хураалтаар 369 гишүүнийг сонгож МАН-ын бага хурлыг байгууллаа. Бага хуралд 60 гаруй хүн нэмж нэр дэвшин өрсөлдсөн нь их хурлын шйл ажиллагааг чөлөөтэй, ардчилсан зарчмаар явагдсаныг харуулж байна. МАН-ын 28 дугаар их хурлын төлөөлөгчид намын дотоод амьдрал болон улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эв нэгдлийг эрхэмлэхийг чухалчлан намын эв нэгдлийгбэхжүүлэх талаар тусгайлан тогтоол гаргалаа.Ийнхүү МАН-ын их хурлын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
МАН-ын XXVIII Их хурал өндөрлөсний дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж, МАН-ын дарга У.Хүрсэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улирлуулан ажиллуулахаар нэр дэвшүүлсэн бол заалнаас Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Б.Баярмагнайг нэр дэвшүүлсэн. Дашзэгвэгийн Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 74,5 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо. Түүнчлэн Намын Нарийн бичгийн даргад Цогтын Бат-Энх дахин сонгогдсон бол Удирдах зөвлөлийн 29 гишүүн энэ өдөр сонгогдсон.
Ийнхүү МАН-ын XXVIII их хурал, Анхдугаар Бага хурал амжилттай болж, Их хурлынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй орох хариуцлагатай үүрэг үлдээд байна.