2007 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалж зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 57%-ийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг бөгөөд ДНБ-ний 17,8%, экспортын бүтээгдэхүүний 2,3%-ийг үйлдвэрлэж байна. 2017 онд 154 аж ахуй нэгжид 49,8 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ирэх оны улсын нийт 62 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн байна.
Жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангадаг. Дээр нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн, одоогийн байдлаар 98 хувьтай байгаа юм.Иргэдээ хоолтой, ундтай, ажилтай, орлоготой байлгах ХХААХҮ-ийн салбарын хувьд “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид”-ийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Эхний ээлжид энэ салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Хуулийн хүрээнд дээрх асуудлыг шийдэж чадвал олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалахаас гадна нэмж ажлын байрыг шинээр бий болгох нөхцөл бүрдэнэ . Энэ бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн, тэднийг дэмжих төрийн зөв бодлого гэж харж байна хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.
Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломжтой. Улмаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэх боломжтой. Ингэснээр татвар төлөгчдийн тоо, ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн хөгжилд дэвшил гарч, улсын төсөвт тодорхой хэмжээний өсөлт гарах эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.