Япон улсаас 283 сая ам.долларын зээлийг нэн таатай нөхцлөөр олгох боллоо

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хэлэлцээрийн соёрхон баталлаа. Ингэснээр Япон улсаас 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллартай тэнцэх зээлийг 0.8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай олгох болж байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн зээлийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авахаар тохирсон. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн гарц ийнхүү нээгдэж байна.

Нэн таатай нөхцөлтэй энэхүү зээлийн тухайд,

  • Хэмжээ нь 32 тэрбум иен буюу 283 сая ам.доллар
  • Жилийн хүү нь 0.8 хувь,
  • Эргэн төлөгдөх хугацаа нь 20 жил,
  • Үүнээс эхний 6 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.

Бодлогын энэхүү зээл нь макро эдийн засгийн тогтвортой удирдлагаар хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар өсөлтийг хангах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, төсвийн зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэх юм.