УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2017.12.11/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс гарсан саналд үндэслэж, цаашид хэрхэн ажиллах зарчмаа тогтлоо. Хоёрдугаарт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар санаа оноогоо ярилцаж, гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудлаар өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн нэлээдгүй хуулиуд байна. Тиймээс энэ хуулиудад Байнгын хороогоор дамжуулж, МАН, АН-ын бүлгийн гишүүдээс санал авсан. Цаашдаа ямар хуулийг хууль санаачлагчид буцаах, алийг нь тэргүүн ээлжинд хэлэлцэх, эсвэл намрын чуулганд шилжүүлэх вэ гэдэгт зарчмын хувьд тохиролцсон” гэлээ.
Түүнчлэн Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай журмын хүрээнд хэлэлцэх нэлээд хэдэн хууль байгаа. Тэгвэл УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцүүлгийн шатанд яваа хуулиудтай хэрхэн уялдуулж авч үзэх вэ гэдэгт Бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ажлын албаны дарга Н.Энхтайванаар ахлуулсан ажлын хэсэг ач холбогдол өгч нухацтай судлахаар болжээ.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн судалгаа тооцоог сайтар хийж байгаад энэ ондоо багтааж батлахаар ярилцсан байна. Уг нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд 2019 оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж 2019, 2020 он гэхэд улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг шийдвэрлэж дуусгахаар зорьж байгаа ажээ.
Мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Зарчмын ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Дээрх хуулийн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар шийдсэн. Сонгуулийн хуулийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар, Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулах ажлын хэсгийн захирамж гарсан. УИХ-ын 2016 оны сонгууль Сонгуулийн тухай хууль гээд нэг хуулиар явагдсан. Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө Сонгуулийн тухай хууль гурван хуультай байх ёстой гэж ярилцаж байгаад амжаагүй. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэхээр ярилцаж байна.
-Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хууль байх уу?
-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу эсвэл улс төрийн намуудын хуульдаа оруулах уу гэдгийг ярилцаж байна.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт дээр гишүүд санаа, оноогоо хэлж байна. Яг ийм тийм өөрчлөлт орно гэж нарийн зүйл одоохондоо алга. Өмнөх дөрөв таван жил ямар хүрэээнд энэ асуудлыг шийдэж ирсэн тэр жишгээрээ явах ёстой.
-Намрын чуулганаар энэ УИХ хэр чадамжтай ажилласан гэж та бодож байна вэ?
-Намрын чуулганаар ерөнхийдөө том зургаараа бол боломжийн сайн ажиллалаа гэж харж байна . Тэр дундаа нийгмийн хамгааллын чиглэлийн хэд хэдэн хууль батлагдсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ чиглэлд сайн ажилласан гэж бодож байгаа. Найман сараас хойш амаргүй нөхцөл байдалд байсан. Төсөв, тодотгол хэлэлцэх, Засгийн газар шинээр бүрэлдэх гээд цаг хугацаа алдсан зүйл бий. Бүхэлдээ бол УИХ чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулж, боломжийн ажилласан гэж үзэж байна.