Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна.
Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсэг үүссэн урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү түр хугацаагаар тээвэрлэлтийг зогсоожээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан Гашуунсухайт чиглэлийн замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудлыг шийдэх шаардлагатай хэмээн үзэж Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна.