БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тэрбээр монголчууд хэдийгээр цөөхүүлээ боловч оюуны шавхагдашгүй ундаргатай ард түмэн болохыг онцлоод эх орныхоо нэрийг оюуны спортоор цуурайтуулсан Х.Хатанбаатар багш болон сурагчдад баяр хүргэв. Улмаар салбарын сайд ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаахаар шийдвэрлэснээ дуулгалаа. Түүнчлэн энэ төрөлд олон улсын болон УАШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж, урамшуулах асуудлыг хууль, эрхзүйн хүрээнд шийдвэрлэнэ гэв.
Тус академийн хамт олон цаашид орон нутагт хүрч ажиллаж, соёлын болон боловсролын сонирхолтой контент бэлтгэж буйгаа уулзалтын үеэр уламжиллаа.
Дашрамд дурдахад, "Монголын оюун ухааны академи" одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, 760 медаль хүртээд байна. Энэ онд тус академийнхан олон улсын хэд, хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос Индонези улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулсан өндөр чансаатай тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулсан юм.