Л.Болд: Бүлэглэлийн захиалгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Үндсэн хуулийн өөрчлөлт болоод ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны сонсголын талаар мэдээлэл хийлээ. Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулан, түүнээс шалтгаалан хохирсон гэх Д.Энхбат агсан, Д.Цогтбаатар нарын ар гэрийнхэн оролцоно гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “Бид Ардчилсан хувьсгалыг зохион байгуулж, Үндсэн хуулиа батлаж байсан. Өнөөдөр эрх баригч нам Үндсэн хуульд гар хүрэхдээ 1990 оны ардчиллаас хойш бий болсон үнэ цэнтэй зүйлүүдийг таслан зогсоох зорилгоор бүхэл бүтэн бүлэглэлийн захиалгыг биелүүлэх гэж байна. Хэн нэгэн хүний барьцаанд орж өмнө нь хөдөлдөг болох уу гэдэг сонголтын өмнө бид ирчихлээ. Үүний цаана юу ч байж болно. Олон хүн шударга ёсны төлөө дуугарснаасаа болж хэлмэгдэж байсан.
Яг ийм үйл явдал дахин давтагдах үе ирээд байна. Тиймээс энэ бүхний эсрэг бид заавал тэмцэх болно. Эрдэнэтийн хувьчлалтай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байна. Томоохон ордуудыг хувааж авсан бүлэглэлүүд өнөөдөр УИХ-ыг тоглоомын хүүхэлдэй болгож, ард түмэнд хувь хүртээхгүй байхаар тохиролцож байна. Бид эсэргүүцэн тэмцэх болно. Хүний эрхийн 50 гаруй байгууллага монголд ажиллаж байгаа. Тиймээс маргаашийн хэлэлцүүлэгт ирэхийг урьж байна. Таны хүүхдийн ирээдүйг, таны өмчийг булаах тогтолцоог бүрдүүлэхээр зэхэж байна. Энэ тэмцэлд ард түмэн, хүний эрхийн байгууллагууд бүгд нэгдэх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр дайралт хийж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хумьж, ард түмэн баялагийнхаа эзэн байх боломжийг үгүй хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоотой олон гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирсэнтэй холбогдуулан томилгооны сонсгол хийх хүсэлт гаргаад сар гаруй хугацаа өнгөрч байгааг мэдээллийн эхэнд онцлов. Түүнчлэн "Хуулийн дагуу томилгооны сонсголыг байнгын хороо зохион байгуулах ёстой байтал АБГББХ, Сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг томилгооны сонсгол хийхээс цааргалж, бултаж байна. Ерөнхий журам гарсан байхад нарийвчилсан журам байхгүй гэсэн ойлгомжгүй шалтгаанаар хойшлуулж байна. Б.Хурцтай холбоотой ирсэн гомдол бүрийг хэлэлцэх ёстой байтал эрх бүхий байгууллага нь зугтаж байгаа учир сонсгол хийх санаачилга гаргасан гишүүд бид өргөдөл ирүүлсэн иргэдийг байлцуулан Нээлттэй хэлэлцүүлэг хийх боллоо. Б.Хурцаас болж хохирсон, хэлмэгдсэн бүх хүмүүст энэ сонсгол нээлттэй" гэсэн юм. Өөрөөр хэлбэл маргааш Төрийн ордонд зохион байгуулах Нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан бүх иргэнийг урьж байгаа бөгөөд энэ хүрээнд Дамирангийн Энхбат агсан болон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр бүлийнхэн ирж оролцох аж. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн иргэдийн ар гэрийнхэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг урьсан бөгөөд Б.Хурцтай холбоотой ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулна гэлээ.
Дүрс бичлэг:
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ
Posted by Ардчилсан Намын Бүлэг on Wednesday, December 13, 2017