Монголын улаан загалмай нийгэмлэгээс Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг манлайлан удирдаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, Монгол Улсад хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Онцгой байдлын ерөнхий газрыг “Оны шилдэг хүмүүнлэгийн байгууллага”-аар тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаанзагалмай нийгэмлэг хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд олон томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан юм.
Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад МУЗН-ийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны үүрэг оролцоо тодорхой тусгагдсан. Энэ хүрээнд Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Дорноговь аймгуудад зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиудад МУЗН-ээс онцгой анхааран чиглүүлэгч ажилтан оролцуулан орон нутгийн дунд шатны хороодыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамруулж ажилласан.
Мөн Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаанд хамтран ажиллалаа.
Улаанбаатар хотын орчимд тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ авах үеийн гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг туршиж үзэх зорилгоор “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт штабын дадлагыг зохион байгуулав.
Штабын дадлагаар гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгохыг гол чиглэлээ болгон ажилласан юм.
Түүнчлэн ОБЕГ, МУЗН хамтран 21 аймгийн хэмжээнд “Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 315 сайн дурын идэвхтнийг сургаж бэлтгээд байна.