НӨАТ-ын буцаан олголт авах иргэд мэдээллээ баталгаажуулаарай

НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу шилжүүлнэ.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд 655 мянга 245 хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 нь мэдээллээ дутуу болон алдаатай бөглөсөн байна. Дээрх алдаагаа энэ сарын 22-ноос өмнө засварлахгүй бол 20 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй юм.

Тиймээс иргэдийг www.ebarimt.mn цахим хуудсан дахь өөрийн хаягаараа нэвтрэн “Данс тохируулах” хэсгээс овог, нэр, регистрийн дугаар, Имейл хаяг болон харилцагч банк, дансны дугаар зэргээ үнэн зөв бөглөн баталгаажуулахыг анхаарууллаа.