Энэ он гарсаар 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 9693 иргэнд олгожээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ипотекийн зээл олголт, түүний хүртээмжийн талаар тодруулж байлаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэдгээр асуултад хариулахдаа, “Ипотекийн 6 хувийн зээлийг иргэдэд олгож буй. Тус зээлийг авсан иргэн 30 жилийн хугацаанд тэнцүү хуваариар төлдөг. Энэ нь бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог. Үндсэн эсвэл зээлийн хүүгээ урьдчилж төллөө ч дүнгийн хувьд адил тусна.

Энэ он гарсаар 1 их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Орон нутагт олгож буй 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнийг хамруулсан. Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон зээл байна. Өнгөрсөн онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны зээлийг хот хөдөөд тэнцвэртэй олгохоор шийдвэрлэсэн. Өрхийн  тооны харьцаа 50:50 байгаа бол мөнгөн дүнгийн хувьд орон нутагт 44 хувь, Улаанбаатар хотод 56 хувьтай байна.

Монголбанкнаас ирэх онд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэхээр ярьж буй. Хуримтлалын сан, арилжаанууд банкны болон эргэн төлөлтөөс санхүүжилтийг бүрдүүлэхийн зэрэгцээ ялгавартай эх үүсвэрийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын А бүсэд орон сууц худалдан авч буй тохиолдолд ипотекийн зээлийн хүүг 8-10 хувь болгож өсгөвөл эх үүсвэрийн хэмжээг 1,2-2 их наяд  төгрөгт хүргэх боломжтой” гэв.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ипотекийн зээл нь иргэдийг орон сууцжуулах зорилтыг агуулдаг хэдий ч орон нутагт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зэрэг эерэг үр дагаврыг дагуулдаг учир орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here