Дээд шүүх О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж, Н.Энхбаяр намын даргаараа үлдлээ

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргажээ.

МАХН-ын II Их хурлыг өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар зарлан хуралдуулсан. Тус хурлаар оролцогчдын дийлэнх олны саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон юм.

Уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.

Гэвч өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг төлөөлж тус намын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын гишүүд оролцов.