“Монгол газар”-ын Ц.Мянганбаяр хуулийг хийдлийг ашигласан уу

Ц.Мянганбаярын 25 тонн алтны нөөцтэй гэх “Олон овоот” ордод хөрөнгө оруулалт хийсэн ч дампуурч, улмаар өрөө төлж чадахгүй дампуурлаа зарласан Г.Батхүүгийн дуулиан өнөөдөр нийгмийн анхаарлыг татаж байна. “Жаст” группыг үүсгэн байгуулж, мах сүү, хүнс, газар тариалан, тэр ч байтугай банк санхүүгийн салбарт хүртэл ноёлж байсан энэ эрхэм “Монгол газар”-ын хэмээн алдаршсан алтны магнат Ц.Мянганбаярын зарсан “Олон овоот”-ын орд газарт “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж авсан мөнгөөрөө хөрөнгө оруулсан тухай олон хэвлэл мэдээлэл нийтэлсэн.

Харамсалтай нь Ц.Мянганбаярын 25 тонн алтны нөөцтэй хэмээн зарсан “Олон овоот” нь дөрвөн тонн алтны нөөцтэй нь тогтоогдож, улмаар дампуурлаа зарласан билээ. Улсын том үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларын зээлээ ч төлж чадахгүйд хүрч Г.Батхүү дампуурлаа зарлаж, харин тэр зээлсэн мөнгийг нь өнөөдөр төр төлөх асуудал яригдаж байгаа билээ.

Тэгвэл, “Олон овоот”-ын алтны ордоороо Монголын нэгэн том бизнесмэнийг дампууруулж орхисон Ц.Мянганбаяр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд “Монгол газар” компаниа дампууруулсан гэдгээ зарлаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хандаж байжээ. Өөрөөр хэлбэл, татварын их хэмжээний өртэй учраас дампуурлын хэрэг үүсгүүлэхээр хандсан учраас төлбөрийн чадваргүй гэдгийг тогтоож, тус газраас авлагатай компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг тэр үед ярьж байлаа. Ингэснээр “Монгол газар” компаниас авлагатай гэдгээ мэдэгдсэн компаниудын нийт өр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгч байв.

Нэхэмжлэлийн 70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын "Иточу" корпорациас, “Монгол банк"-ны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум, Татварын ерөнхий газар 2.6 тэрбум, Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, “Киа моторс" компанид 68 сая төгрөг, “Хьюндай моторс компанид 18 сая төгрөг, иргэн Д-д 5 сая төгрөгийн тус тус өр нэхэгдсэн.

Тэгвэл шүүхээр дампуурлаа зарлуулсан Ц.Мянганбаяр эдгээр компаниудын өрийг төлж чадахгүй гэдгээ мэдэгдэж, төлбөрийн чадваргүйд тооцуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулжээ. Улмаар, 2017 оны аравдугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцсэн бол эцсийн шатны шүүхийн шийдвэр ч гарч, төлбөрөө төлж чадахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэгвэл, энэ компанийг Дампуурлын хуулийн хийдлийг ашиглаж байна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр жиргэсэн байна. Тэрбээр, өөрийн твиттер хуудсандаа “Дампуурлын тухай хуулийн хийдлийг сайн ашиглаж байгаа хүн дээ. Уг хуулийн төслийг ХЗДХЯ шинэчилсэн найруулгаар боловсруулаад дуусч байгаа. Энэ мэт хариуцлагаас зугтаагсдыг зугтах газаргүйгээр л хуульчлах ёстой болж байна” хэмээжээ.