Санал хураалт өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хоёр дахь шатны санал хураалт Сонгуулийн хуулинд заасны дагуу 22.00 цагаар тасалбар боллоо.

Дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга,нар өрсөлдөв. Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллаж, тэдгээрт 25 орчим мянган төрийн албан хаагч зохион байгуулалтад оролцлоо. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч оролцох эрхээр хангагдсан бөгөөд нийслэлийн сонгогчдыг саналаа өгсөн эсэхийг баталгаажуулж хурууны бэхэн тэмдэглэгээ хийв.

Өмнөх санал хураалтад саналаа өгсөн иргэдэд цагаан хуудсыг олгож байсан. Энэ удаад иргэдийн гар дээр цагаан хуудсыг өгөөгүй нь сонгогчдын саналыг худалдан авах гэсэн хууль бус оролдлогыг таслан зогсооход чиглэгдэж байв. Үүний зэрэгцээ саналын хуудасны хавтасыг санал хураалтад дахин ашигласан юм.

Энэ удаагийн санал хураалтын үеэр Төв аймагт хүргүүлсэн саналын хуудасны бар код дутуу хэвлэгдсэн зөрчил илэрсэн. СЕХ энэхүү асуудлыг арилгахын тулд хамаарал бүхий албан байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж тус аймгийн сумдад ажиллууллаа.

Санал хураалтын үйл ажиллагаа ийнхүү 22:00 цагаар дуусгавар болж байна. Үүний дараа СЕХ ирц болон санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар олон нийтэд 23:00 цагт мэдээлнэ.