УИХ-ын дарга нарны хавтангаар цахилгаан дулаанаа шийдсэн өрхийн туршлагатай танилцав

УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-нд сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо.

Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолд айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттай дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл бүхий багц арга хэмжээг тусгасан. Энэ хүрээнд “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм. Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдэх эхлэлийг тавьжээ. Харин өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.

Г.Ууганжаргалын хувьд түлшинд дугаарлаж, тог тасарна гэж айлтгүй өнтэй дулаан өвөлжиж байгаагаа хэлээд, сар тутмын цахилгааны зардал эрс багассан, хэмнэлттэй төдийгүй ухаалаг сонголт гэдгийг уриалж байв. Яг энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхийг өнөөдрөөс нээгдэж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр энэ бол утааны эсрэг оруулж буй иргэдийн бодит хувь нэмэр гэдгийг тодотгож байв. Иргэнээ хүнд суртлаас чөлөөлье санаачилгын хүрээнд хэрэглэгчийн бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд нийлүүлэх процессыг хялбаршуулж, 14 шат дамжлага бүхий журмыг цэгцэлж, нэг жилийн турш хүлээлгэдэг байсныг болиулжээ. Энэ жишгээр төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд олон талт боломжийг нээх замаар ирэх нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг УИХ-ын дарга дурдлаа. 

Цаашид УИХ-ын дээрх тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангахын тулд иргэдэд хялбар, эдийн засгийн дарамтгүйгээр санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд олон улсын байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлллээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here