Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов.
Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Дээрх чиглэлийн 630 км хурдны замын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй хэрэгжүүлэхээр болж 2011 онд уралдаант шалгаруулалт зарласан байна. “Алтанбулаг-Улаанбаатар” чиглэлд “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” шалгарсан бол “Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлд оролцогч тодроогүй юм. Иймээс хоёр төслийг нэгтгэн дээрх компаниар гүйцэтгүүлэхээр 2013 онд тухайн үеийн Засгийн газар зөвшөөрчээ.
Концесс эзэмшигч компани гэрээнд гарын үсэг зурснаас хойш есөн сарын хугацаанд болон гэрээ цуцлах шийдвэр гаргасан 2015 оны тавдугаар сар хүртэл нэг ч үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан байна. Үүнийг “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” хүлээн зөвшөөрөхөөс татгалзан шүүхэд хандаад байжээ.
Товч мэдээ
- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий консулын газарт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яам таван сая төгрөг хандивлахаар болжээ.