ОХУ-ын Сочи хотноо энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын кино наадамд БНСУ, Испани, Гүрж зэрэг олон улсын уран бүтээлчид оролцсоноос хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл шилдгээр шалгарчээ.Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин, хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд бүтээлээрээ тус шагналыг хүртсэн юм. Тиймээс өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа авьяаслаг, залуу уран бүтээлчид баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын энэ удаагийн уран бүтээл зөвхөн “Чингисийн хүүхдүүд” кинонд зориулагдсанаараа ихээхэн онцлогтой. Цаашид уран бүтээлчдийн аливаа шинэ, шинэлэг санаачлагад бодит дэмжлэг үзүүлэн, тэдэнд бүтээж, туурвих боломжийг бүрдүүлэх нь чухал. Тиймээс ч БСШУСЯ-ны дэргэдэх Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтийг нэмэгдүүлж, хоёр тэрбумд хүргэснийг Ц.Цогзолмаа энэ үеэр онцлов. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр нь Итали улсад зохион байгуулагдсан “Морис Равелийн” нэрэмжит олон улсын уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан Монголд төдийгүй дэлхийд танигдсан авьяаслаг уран бүтээлч юм.