УИХ-ын сонгуулийн маргаашнаас л үймж эхэлсэн БСШУСЯ өнөөдрийг хүртэл тогтворжиж амжаагүй л байна. Ганцхан жилийн дотор гурав дахь сайдынхаа нүүрийг үзсэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал эдүгээ эзгүй байгаа. Б.Баярсайхан, Ж.Болормаа гэх дарга нар тус яаманд томилогдон ирсэн ч эхлүүлсэн ажлаа дуусгах нь бүү хэл, салбараа ойлгож амжилгүй суудлаасаа буулаа. Тэгвэл өнөөдөр хуралдаж буй МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Дэд сайд нарын нэрс тодрох бололтой. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нь яригдаж байсан таамаг биелэлээ олж БСШУС-ын Дэд сайдаар ТV5-аар овоглодог Г.Ганбаярыг томилохоор намынх нь нөхөд тохирсон аж. Харин Б.Баярсайхан, Ж.Болормаа нарын араас хэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд залрах нь өнөө орой тодорхой болох юм. Ганцхан жилийн дотор гурван сайд, хоёр Төрийн нарийн бичгийн даргын нүүр үзэж, үймж, бужигнаж байгаа БСШУСЯ-ны удирдлагууд нэгдэн нийлж, салбараа цэгцлээсэй билээ.