Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл агаарын бохирдлын асуудлаар яаралтай ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг шаарджээ. Уг шаардлагад Улаанбаатар хотынх агаарын бохирдол ДЭМБ-ын олон улсын болон Монгол Улсын үндэсний стандарт, холбогдох үзүүлэлтэд заасан зөвшөөрөгдөх дээд түвшингээс хэд дахин өндөр бохирдолтой байгаа нь иргэдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд хортой нөолөө үзүүлж байна. Энэ талаар олон тоон мэдээлэл байгаагаас жишээлэхэд зөвхөн зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушигны хорт хавдарын 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж, жилд дунджаар 400 гаруй хүүхэл амь насаа алдаж байгаа эмгэнэлт мэдээллүүд нийгмийг цочроож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Агаар болон орчны бохирдлын асуудал нь НИТХ-аас баталсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрүүл мэнд зэрэг бие даасан бүлэг, зүйлүүд болж батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн томоохон зорилт нь болж тусгагдсан. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл, НИТХ-ын баталсан дэгийн 4 дүгээр зүйлийг үндэслэн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж “Агаар орчны бохирдол ба Иргэдийн эрүүл мэнд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” асуудлаар хэлэлцэж, мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байга арга хэмжээний чиглэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар “хаалттай” хуралдаж болох юм. Хурлын дарга С.Амарсайхан та НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэл ажлыг хангах саналыг НИТХ-ын Тэргүүлэгчийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг хүсье" гэжээ.