“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" 2 үе шаттай хэрэгжинэ

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулжээ. ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг энэ оноос  хоёр  үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган тус уулзалтыг зохион байгуулсан аж.

Уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх  ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүнг танилцуулсан байна.

Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр (11,5 гр) байгааг эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотолжээ.