Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэн, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийж байна.
Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай авто машин худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2 иргэн хуулийн этгээд газар ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Эдгээрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” компанийн авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” компани болон Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр нар Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, авто худалдааны үйл ажиллагаагаа зогсоолоо. Дээрх газрууд Авто худалдааны цогцолборт шилжиж буй юм.