Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө БНСУ руу албан айлчлал хийхээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 07 цагийн үед мордлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус Ерөнхий сайд Ли Наг Енгийн урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд айлчлах юм. Ерөнхий сайдын айлчлалын зорилго нь гуравдагч хөрш болох БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход чиглэгдэж байна.
Айлчлалын үеэр хоёр Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах юм.
Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ентэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Солонгосын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын Бизнес форумд оролцож, зарим хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах аж.