Эрдэмтэн судлаачид агаарын бохирдлын асуудлаар чуулна

Шинжлэх ухааны академи болон харьяа хүрээлэнгүүд, АЖЯ, БСШУСЯ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Агаар болон Орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.  40 гаруй эрдэмтэн судлаачдыг оролцуулан зохион байгуулж буй хурлаар  Улаанбаатар хотын Агаар болон Орчны бохирдлын тоон мэдээлэл, бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгааны үр дүнг нэгтгэх, олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр “Төр-Шинжлэх Ухаан-Хувийн хэвшлийн” байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны бодитой шийдлүүдийг тодорхойлох юм.

Энэхүү хурлаас  Агаар болон орчны бохирдлыг бууруулахад “Төр - Шинжлэх ухаан - Хувийн хэвшлийн” хамтын ажиллагаа, зохион байгуулалтыг тодорхойлох улмаар төрөөс авч хэрэгжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөмж санал боловсруулан холбогдох байгууллагууд болох Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх аж.