2017 онд ял шийтгүүлэгчдийн ихэнх хувийг 18-29 насныхан эзэлж байна

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо. Хуралд Шүүхийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар оролцов.

Өнгөрөгч 2017 онд Анхан шатны шүүх эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1204 хүнийг хугацаанаас өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 53.4 хувиар, захиргааны хэрэг 7.2 хувиар өсч, иргэний хэрэг 2 хувиар буурсан байна.

Мөн шүүхээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувь, өсвөр насныхан 18 хувь, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 11.5 хувь, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн  8.3 хувь, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүн 30.4 хувиар тус тус өссөн байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 3852 буюу нийт ял шийтгүүлэгчдийн 42.7 хувийг эзэлж байна.